Search

Sunday, December 16, 2012

Franz Liszt түүх

                                         Franz Liszt  

                                                             түүх

Унгарын суут хөгжмийн зохиолч Ф.Лист 1811 оны аравдугаар сарын 22-нд Доборьян хэмээх газар төржээ.
Ференц (Франц) Листийн авъяас билэг суутнуудын адил эрт тодорч түүний эцэг Адам Лист хүүдээ төгөлдөр хуур хөгжим зааж өгчээ. Бяцхан Лист хөгжимд маш түргэн хугацаанд амжилттай суралцаж төдөлгүй олны өмнө концертод хөгжимдөх болов.
1820 онд 9 настай Лист Унгарын хэд хэдэн хотоор аялан тоглолтын дараа Вена хотноо ирж суут Бетховены шавь Карл Чернигээр төгөлдөр хуур хөгжим заалгаж эхэлжээ. Хөгжмийн онолын багш нь Антонин Сальери байв. 1823 онд Ф.Листийн концертод Бетховен хүрэлцэн ирж түүний хөгжимдөхийг сонссон боловч тэр үед Бетховен таг дүлийрсэн байлаа. Тэрээр нэгэн аялгуу Листэд өгч хөгжимдөхийг хүссэн бөгөөд суут зохиолч маань залуу хөгжимчний гар хурууны хөдөлгөөн, царай зүс сэтгэлийн ер бусын хувьслаар ямар их авьяатай болохыг ойлгож тоглолт төгсмөгц тайзан дээр гарч түүнийг үнсэж талархлаа илэрхийлсэн байдаг.Тэр жилээ Лист Парис хотыг зорьж хөгжмийн сургуульд суралцахыг хүссэн боловч харь гадаад хүн гэдэг нэрийдлээр түүнийг сургуульдаа авсангүй. Гэвч үүнд Лист сэтгэлээр унан гутарсангүй Парисын дуурийн театрын найрал дууны удирдаач Паэр, хөгжмийн дээд сургуулийн профессор Рейх нараар хөгжмийн онолын хичээлүүд заалгаж эхэлсэн юм.
1825 онд анхны бүтээл “Дон Санчо” дууриа тоглуулав. Таван жилийн дараа гарсан хувьсгал Листийн бүтээлч үзэл санаанд нөлөөлж “Хувьсгалт симфони” гэдэг зохиол бичсэн ч дуусгаагүй бөгөөд хожим гар бичмэлээ эмхэлж “Баатрудын дурсгалд” гэдэг симфони найраглал болгосон юм. 1834 онд болсон Лион хотын нэхмэлчдийн бослогод зориулж “Лион” хэмээх төгөлдөр хуурын баатарлаг аязаа зохиов.
Тэрээр Парист Николо Паганини, Гектор Берлиоз, Фредерик Шопен зэрэг хүмүүстэй ойр дотно байсан явдал уран бүтээлд чухал нөлөө үзүүлсэн байдаг. Лист Паганиний хийлийн алдарт зохиолуудыг ялангуяа түүний “Авлалт”, “Кампанелла”, түүнчлэн Берлиозийн “Уран зөгнөлийн симфони”-ийг төгөлдөр хуурт тус тус хөрвүүлэн гарамгай чадварлаг тоглож олны талархдыг хүлээж байв.

Лист 1835-39 онд гэргийн хамт Швейцарь, Итали орноор жуулчилж “Аян замын тэмдэглэл” зохиолоо бичсэн бөгөөд Женевийн дээд сургуульд багшилж энэ зуур Парист хэд хэдэн тоглолтоо хийжээ. 1837 онд Милан, Венец, Флоренц, Ром хотуудаар явж сэтгэгдлээсээ сэдэвлэн “Аяны хоёр дахь жилд” гэдэг хөгжмийн эмхтгэлээ хэвлүүлсэн байна. Бонн хотод суут Бетховены хөшөөг 1839 онд босгоход зориулж мөнгө олохоор хэд хэдэн тоглолт тогложээ.
Ф.Листийн охин, Рихард Вагнерын гэргий Косима Вагнер
1839-1847 онуудад Лист Европын бараг бүх орноор явж тоглосоны дараа хөгжмийн зохиол дээрээ суурьшилтай ажиллах зорилгоор аялан явахаа завсарлаж Ваймарт амьдрах болов. 1848 оноос төгөлдөр хуураа орхиж 1861 он хүртэл Ваймарт дуурийн театрын удирдаачаар ажилласан билээ. Энэ үед доройтолд ороод байсан хотын хөгжмийн амьдралыг сэргээснээс гадна Шуберт, Шуман, Вагнер зэрэг зохиолчдын алдарт бүтээлийг өөрөө удирдан олон түмэнд анх сурталчилж нэрд гаргасан юм. Үүний дараачаас Ференц Лист симфони удирдаачийн ажлаа эхлүүлж Моцарт, Гайдн, Бетховен, Шуберт нарын шилдэг симфониуыг удирдан хөгжимдүүлж түүнчлэн залуу шинэ уран бүтээлчдийн симфони зохиолд онцгой анхаардаг байв.
1854 онд “Ваймарын шинэ холбоо” гэгчийг байгуулж хөтөлбөр сэдэвт хөгжмийг хөгжүүлэх нөгөөтэйгүүр Моцарт, Гайдн, Бетховен нарын сонгодог хөгжмийн өв уламжлалыг хамгаалах болон орчин үеийн хөгжмийн шинэ бүтээлүүдийг өргөн сурталчлах их ажил хийж эхлэв. Энэ үйл ажиллагааны үргэлжлэл болгож 1861 онд “Бүх германы хөгжмийн холбоо”-г байгуулсан юм.
Ваймарын үе бол түүний зохиол бүтээл туурвих цэцэглэлтийн ид үе байлаа. Энэ үед Лист төгөлдөр хуурын ихэнхи зохиол болон симфониудаа бичиж 1849 онд төгөлдөр хуурын 2 концерт, төгөлдөр хуур найрал хөгжимд зориулсан “Үхлийн бүжиг” хэмээх зохиол, 1853 онд төгөлдөр хуурын сонат болон аязууд, уянгын романсуудаа зохиосон юм. Түүнчлэн симфони найрал хөгжмийн 12 найраглал, прелюди, “Прометей”, “Мазепа” 2 симфони зэрэг хөтөлбөр сэдэвт алдарт зохиолууд нь энэ үед төрж гарсан билээ.
Лист 1861 онд Ромд очиж, 1865 онд аббат хэргэм хүртэж шашны сэдэвтэй нэлээд зохиол туурвисан ч амжилт олоогүй бөгөөд 1869 онд Ваймарт эргэн ирсэн ч түүний амьдрал уран бүтээлийн сүүлчийн үе эхэлсэн юм.
1875 онд өөрийн үүсгэн байгуулсан Будапештийн үндэсний хөгжмийн академийн анхны ерөнхийлөгчөөр сонгогдов.
Лист хэдийгээр нас дээр гарсан боловч суут Бетховены мэндэлсний 100 жилийн ойг 1870 онд хүндэтгэн тэмдэглэсэн концертод түүний 9-р симфонийг гайхалтай чадварлаг удирдан тоглуулсан аж.
Гарамгай төгөлдөр хуурч, хөгжмийн удирдаач, багш, зохиолч Ференц Лист 75 насандаа 1886 онд таалал төгссөн юм.

No comments:

Post a Comment